Sunday, May 18, 2014

Амьтдын тухай сонирхолтой баримтууд


Тоть гуаглахаасаа илүү ярьдаг
Тоть шувууг ердөө л авиа дууриагч гэж олон хүн боддог. Харин 30 гаруй жилийн судалгаа тотины хэлний авъяас 4-6 настай хүүхдийнх шиг байдгийг тогтоожээ. Тоть зүгээр ч нэг үг тогтоодоггүй, харин “адилхан, жижиг, том, өөр, байхгүй” зэрэг хүний хамгийн түрүүнд сурдаг анхан шатны үгийг гагц авиагаар бус утгын хамт цээжилдгийг сүүлийн судалгаа харуулж байна. Эл судалгааг хийсэн Швед, Японы хэл шинжлэлийн эрдэмтэд тотины ярих чадварыг роботод ашиглахаар зэхжээ.
  Заан мартамхай.
Гэхдээ тэнэг биш Бүх цаг үеийн турш дэлхий дээр амьдарч байсан амьтдаас заан хамгийн том буюу бараг 50 кг тархитай. Толгойн хэмжээгээр нь ухааныг нь хэмждэг байсан бол хамгийн мэргэн цэцэн амьтан заан байх сан. Гэтэл зааны тархины хөгжлийн харьцаа дунджаар 1.88 байдаг аж. Сонирхуулахад, хүнийх 7.33-7.69 бол шимпанзегийнх 2.45, гахайных 0.27 байдаг байна. Оюуны чадавхи, ой санамж салшгүй холбоотой ч мартамхайгаараа алдартай зааны хувьд энэ нь тун боломжийн үзүүлэлт юм.
Анаашны зүрх судасны систем онцгой
Ойролцоогоор таван метрийн өндөрт байх анаашны хүзүү бусад алсыг ширтэгчдээс түрүүлж мод, бутны дээжийг хүртэхэд зориулагдсан. Yнэмлэхүй өндөр байна гэдэг мэдээж сайн талтай ч таагүй тал бас бий. Анаашны зүрх тээр дээр байх тархины цусан хангамжийг тасалдуулахгүйн тулд үхрийнхээс хоёр дахин хурдан цохилдог. Мөн анаашыг урт хүзүүгээ сунган бөхийх үед нь цусыг огцом тархи руу гүйлгэхгүй байхаар зохилджээ. Зүрхнээс 40-50 см-ийн дор байх хөл нь ч өвөрмөц зүрх, судасны системтэй нь холбоотой бөгөөд туурайг хүнд жинд дарагдаж, гэмтэхээс сэргийлж булчин нь дээд зэргийн ачаалалтай байх ба тун хатуу эвэрлэг болтлоо хөгждөг байна.
Загас хоёр хүйстэн
Гайхаж, бишрэм газрын амьтад олон ч бидний хөл дор, далай тэнгисийн гүнд сонирхолтой амьдрал өрнөсөөр байна. Гермафродитизм буюу хоёр бэлгэтэй байх үзэгдэл сээр нуруутнуудын дунд ганц загасанд бий. Загасны зарим төрөл дааврын өөрчлөлт болон байгалийн хувьслын улмаас хүйсээ сольдог. Харин зарим нь төрөлхийн эр, эм бэлгэ эрхтэнтэй байдаг байна.
Сохор номин бүр сохор биш
Ядруу, онигор нүд, газар доорхи амьдралын хэв маягаар нь сохор номинг тун болхи, өрөвдөлтэй амьтан мэтээр хүмүүс ойлгодог. Гэрэл, сүүдэр ч ялгадаггүй гэх эл амьтны төрөл олон. Тэдгээрээс Африкийн сохор номин сохор биш болохыг судлаачид тогтоожээ. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард нийтэд дэлгэгдсэн эл судалгааны тайланд онцолсноор амьтан бүрт биеэ хамгаалах байгалиас заяасан чадвар байдаг бөгөөд хамгийн сул дорой амьтанд ч зоримог чанар бий. Тиймээс ч харанхуйд амьдрагч сохор номин бүрт, ялангуяа хар тивийн сохор номинд биеэ хамгаалах, зайлшгүй үед харааныхаа бүхий л чадавхийг ашиглах шаардлага гардаг байна. Мэргэжилтнүүдийн ажигласнаар Африкийн сохор номин үүр-хонгил рүү нь ойртсон ямар ч амьтныг сайн хардаг бөгөөд гэрэл сүүдрээс ч илүү дүрс, хөдөлгөөнийг тун чадамгай ялгаж халдагчид хариу барьдаг аж.
Өвөл цагт минжний өдрүүд уртасдаг
Минж өвөл цагт гадаах ертөнцөөс биеэ бүрэн тусгаарлаж, хураасан идэш тэжээл болон сүүлэндээ хуримтлуулсан өөх тослогынхоо ачаар хахир улирлыг өнгөрөөдөг. Жавраас сэргийлж овоолсон шавар юмуу модны дор өвлийг өнгөрөөдөг минжний хувьд харанхуй өдрүүд тун удаан үргэлжилдэг байна. Биологийн цагийг нь нарийвчлан судалсан эрдэмтдийн дүгнэснээр минжний өдөр өвлийн цагт дунджаар 29 цаг байдаг гэнэ.
Шувуу чадварлаг газарчин
Замын тэмдэг, дохио болон газрын зураг барьсан жолоочгүй аялал хэнд ч төсөөлөгдөхгүй. Харин шувуунд энэ бүхэн шаардлагагүй. Тагтаа мянга мянга бээр нисч яг өмнө нь байсан шигээ үүрийг төвөггүй олдог. Шувууны зарим төрөл, тухайлбал, туйлын цахлай жилд 25 мянган бээр замыг цуцах ч үгүй туулдаг. Жигүүртнүүдийн зүг чигээ олдог чадварыг олон арван жил дэлхийн соронзон оронтой холбон тайлбарлаж байсан авч хоёр жилийн өмнөх судалгаагаар шувууд газар нутгийг дээрээс нь тун сайн таньдаг болохыг тогтоожээ. Нэг үгээр, шувууд өөрсдийн газрын зургийг ягштал тогтоосон байдаг бөгөөд чухам ямар хот, уулс, усны дээгүүр нисч буйгаа мэддэг байна.
Халимны сүү тослог ихтэй
Нярай халимыг өсгөнө гэдэг амар ажил биш. Ялангуяа, эхийнхээ хэвлийд 10-12 сар бойжихдоо биеийнх нь жингийн гуравны нэгтэй тэнцэх хүнд, дунджаар 914 см урт болтлоо өсдөг /цэнхэр халимны зулзага/ . Бараг 50 хувийн өөх тослогтой халимны сүү эмэгтэй хүний сүүнээс 10 дахин их тослогтой. Энэ нь ердийн тугалын жинг өдөр бүр 90 кг-аар нэмэхүйц илчлэгтэй гэсэн үг юм.
Матар чулуу хүртэл залгидаг
 Матрын ходоод дэлхий дээрх хамгийн жигтэй газруудын нэг. Энд яст мэлхий, загас, шувуу, анааш, усны үхэр, арслан, бүр бусад матар (биеэ хамгаалах тохиолдолд) хүртэл багтах бөгөөд матрын хоол боловсруулах систем бүгдийг нь ор мөргүй үгүй хийж дөнгөнө. Сүүлийн судалгаагаар зарим тохиолдолд эдний дунд аварга том чулуу хүртэл таардаг гэнэ. Учир нь үлэмж биет хэвлээр явагч эл махчин шумбахдаа тэнцвэрээ хадгалахын тулд хүнд чулуу ходоодныхоо мухар руу чулууддаг аж.

1 comment:

  1. Casino Slot Machines for sale - Dr. MCD
    › Casino-Slot-Makers- › Casino-Slot-Makers- 1 $5,000.00. 0 in stock. 1 울산광역 출장안마 in 태백 출장샵 stock. 1 in stock. 영주 출장마사지 1 in 포항 출장마사지 stock. 1 in stock. 1 in stock. 1 in stock. 1 in stock. 성남 출장마사지 1 in stock. 1 in stock.

    ReplyDelete